Андезит болон базальт аль аль нь галт уулын дэлбэрэлт буюу лаавын бялхалтаар үүсдэг магмын чулуулаг билээ. Гэхдээ химийн найрлагын хувьд ялгаатай. Найрлагын энэ ялгаа нь тухайн чулуулгийг үүсгэж бялхсан лаав нь дэлхийн царцдасын хаанаас ирснээс хамаарах бөгөөд энэ нь дэлбэрэлтийн шинж байдал, бялхалтын дараа үлдэх биетийн хэлбэрийг ч бас тодорхойлдог. Базальт нь ихэвчлэн 50-200 км буюу мантиас ирсэн гүний магмын бляхалтаар үүсдэг бол, андезитын эх үүсвэр нь эх газрын плитийн захад ойролцоо бага гүнээс байдаг.
Зарим үед базальт болон андезитыг ялгаж танихад хүндрэлтэй байдаг бөгөөд магмын чулуулгийн ангиллын системд ч тэр харьцангуй ойролцоо найрлагатай байдаг. Энэ үед геологичид чулуулгийн найрлагыг нарийн зөв тодорхойлоход химийн шинжилгээг хэрэглэдэг. Шинжилгээний үр дүнд тодорхой элэментийн найрлага дээжээс дээжинд өөрчлөгдөж болдог. Шинжилгээний үр дүнд тулгуурлан ихэвчлэн QAPF диаграммыг ашиглан магмын чулуулгийг нарийн тодорхойлдог.
Базальт нь ямар нэгэн өөрчлөлтөнд ороогүй үедээ ихэвчлэн хар өнгөтэй, өгөршилд орсон бол саарал, ногоон, бүр улаан өнгөтэй байх нь ч бий. Ихэвчлэн хий агуулсны улмаас үүссэн нүх сүвүүдтэй. Төмөр, магнигаар баялаг суурьлаг чулуулаг бөгөөд гол бүрдүүлэгч эрдэс нь хар өнгийн пироксен (авгит), шар ногоон оливин, саарал кальцигаар баялаг плагиоклаз байдаг. Андезит нь нарийн мөхлөгт, саарал өнгөтэй натригаар баялаг, дундлаг найрлагатай чулуулаг бөгөөд ихэвчлэн хар өнгийн эвэрхуурмаг, цайвар саарал натригаар байлаг плагиоклазаас бүрддэг. Биотит болон кварц багаар агуулж болдог.
Эх газрын галт уулын нум болон Япон мэтийн хөгшин гэж хэлж болох арлан нумын орчмын стратавулканаас андезитийн найрлагатай лаав бялхдаг. Харин базальтын лаав нь далайн голч нуруу юмуу эх газрын рифтийн бүс гэсэн рифтийн процесстой холбоотой, мөн Хавайн арал зэрэг бамбай (shield) хэлбэрийн галт уулуудаас бялхдаг. Сүүл үеийн далайн стратавулкануудаас (stratovolcanoes) ч мөн бялхах нь бий.
Базальт нь мантийн хэсэгчилсэн хайлалтаас (partial melting) шууд үүсэлтэй гэж судлаачид үздэг. Харин андезитийн хувьд гарал үүслийн хувьд нилээд түвэгтэй. Түүний гарал үүслий тухай субдукцийн бүс дэх чийгтэй базальт болон эх газрын царцдас, бусад төрлийн хурдсын хайлалтын үр дүн эсвэл магмын холилдолт эсвэл магма царцах үеийн хэсэгчилсэн талсжилтийн үр дүн гэсэн таамаглалууд байдаг.
No comments:
Post a Comment